Манзушир дахь байгалийн музей
Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1969 онд Зуунмодны ам Манзуширын хийдийн туурьтай танилцаад музей байгуулж, Зуунмодны амыг тохижуулах албан даалгавар өгсөн ба тэрхүү албан даалгаврыг хэрэгжүүлэхийн тулд барилгын ажлыг 1970 - 1971 онд дуусгаж, Төв аймгийн Ардын Депутатуудын Хорооны Гүйцэтгэх Зөвлөлийн шийдвэрээр 1972 онд байгалийн музейг ашиглалтад оруулсан.
Тус музейд “Орон нутаг судлах” музейн эрхлэгчээр ажиллаж байсан БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, барималч Д.Шагдарсүрэнгийн урласан бүтээлүүд, сэтгүүлч, сурвалжлагч О.Сумьяагийн модон сийлбэрүүд, Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, улсын анчдын нийгэмлэгийн гишүүн, байгалийн түүхийн музейн мастер чихмэлчин Я.Цэвэл, Д.Дагиймаа нарын хийсэн амьтдын чихмэлүүд дэглэгдсэн. Мөн музейн гадна Манай Эриний VI-VIII зуунд холбогдох Түрэгийн үед хамаарах хүн чулуу, газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэж байсан Тээрмийн чулуун дурсгалууд байдаг.
Мөн тус музейд Д. Шагдарсүрэнгийн говийн чулуу, голын хайрга, шилний үйрмэг, самар зэрэг байгалийн бүтээлүүдийг ашиглаж хийсэн наамлууд, эрвээхэйн далавчаар хийсэн тогос, самрын боргоцойгоор хийсэн буга зэрэг дахин давтагдашгүй дүрслэх урлагийн олон бүтээлүүд нь одоог хүртэл үзүүллэгт дэглэгдэж иргэд олон нийтэд хүрсээр байна. Байгалийн музейн гадна орших том хүрэл, зэс тогоог Д.Шагдарсүрэн Туулын гүний хүрээнээс авчирч байрлуулсан нь музейн гол үзмэрийн нэг болж үзэгчдийн сонирхлыг татсаар байна.